Төгстөмөр хаан суумагц Есөнтөмөр ноёны ятгалгаар Хүслэн хааны хатанг алж хүү Тогоонтөмөрийг Солонгос нутагт цөлжээ. Арван нэгэн настай Тогоонтөмөрийг Солонгосын Да Чин Доа аралд хэнтэй ч уулзуулахгүйгээр харгалзан суулгажээ.
Тогоонтөмөр хааны цөлөгдсөн Да Чин Дао нэрт газар Солонгост хоёр байдаг аж. Энэ адил нэрт хоёр газрын алинд нь Тогоонтөмөр цөлөгдөж байсныг тодруулах сурвалж өнөө хэр олдоогүй байна. Жэжүгийнхний яриагаар Тогоонтөмөр хаан багадаа энд цөлөгдөж байсан. Дараа нь Ки Ван хатныг авсан. Ки Ван нь Тогоонтөмөр хааны хоёрдугаар хатан, их хатан нь монгол байлгүй яахав гэнэ. Чухам Тогоонтөмөр хаан Жэжү аралд багадаа цөлөгдөж байсан үгүй тухай монгол сурвалжуудад дурдагдсан нь үгүй. “1274 оноос эхлэн Монгол Солонгосын харилцааны гол шинж нь хүргэн оруулж, бэр гуйлгах найрамдуу маягтай байсан байна. Тухайн үеэс Монголын хаад Солон¬госчуудаар алба бариулах, Японыг довтлоход усан онгоц завь хийлгэх, Жэжү аралд Монгол хотхон байгуулах, цэрэг байрлуулах, монгол даргач түшмэл томилон Солонгосын дотоод хэрэгт нь гүнзгий оролцохгүйгээр хяналтдаа барьж байх зэрэг гадаад бодлого баримтлан байсан” тухай Монголын түүх бичлэгт дурджээ. Солонгосын түүх Юань улстай харилцаагаа хөгжүүлж ирсэн бүлэгтээ: Тхамрагийн хэрэг эрхлэх газрыг Жэжү арал дахь морины аж ахуйг хянуулахын тулд байгуулсан байна хэмээжээ. Хубилай хааны үеэс Тогоонтөмөр хааныг хүртэлх Юань, Солонгосын харил¬цааны баримтад хатад бүсгүйчүүд, хүлэг морьд голлох байрыг эзэлж байна. Монголчууд Жэжүд аваачсан адуугаа хянах тусгай хэрэг эрхлэх газар байгуулж байсан нь үүний нуталгаа болно. Энэ бүхний тодхон ул мөрийг Жэжүгийнхэн өнөө хэр хадгалсаар байна. Жэжү арлынхан адууны зүсийг бараг монгол нэршилтэй адилаар нэрлэнэ. Адуу морины хэрэглэл чөдөр ногт, хазаар ганзага гэх мэт үгс ч өнөө тэдний үгсийн санд үлджээ. Солонгосын эрдэмтэн Ким Ки Сонь, Жэжү арлынхны хэлэнд орсон монгол гаралтай үгсийг, Кан Юн Бон, Жэжү арлын нутгийн аялгууг монгол хэлтэй харьцуулсан судалгаанууд хийжээ. Жэжүгийн эртний эзэд нь Тамна улс. Мянган жилийн өмнөөс Корё улстэй нэгджээ. Тамна улсын эртний домогт Жэжү арал нь битүү эзгүй нутаг байсан. Гэтэл гэнэт гурван нүх буй болж түүнээс гурван эрэгтэй хүн гарч ирсэн. Гэтэл далайн давалгаан дундаас гурван хүүхэн гарч ирж Тамна улс буй болсон гэж домоглодог байна. Ингээд бид Хун андыг даган Тогоонтөмөр хааны Ки /Монгол сурвалжид голдуу Ци хэмээнэ Ж.С/ хатанд зориулан байгуулсан тахилгын сүмийн туурийг үзэхээр болов. Ки хатны түүхийг сурвалжуудад янз бүрээр тэмдэглэжээ. Зарим сурвалжид Тогоонтөмөр хааны эмэг эх нь болчихсон явах нь байна. Чингис хааны алтан ургийн их хаан Тогоонтөмөр Солонгос ээжээс гараагүйг Монголын түүх нутлах буй. Харин бага насандаа Солонгост цөлөгдөж байхад нь солонгос эмэгтэйчүүд асран хүмүүжүүлэлцэж байсан нь үнэний хувьтай биз. Домог түүх ийш тийш хувилбараа өөрчлөн хэний ч нэр дээр өгчихсөн байх нь цөөнгүй. Юань гүрний үед Солонгос даяарт 1300 илүү сүм байгуулжээ. Ки ван хатанд зориулсан тахилгын сүм нь анх жижигхэн байгаад жил жилд өргөжин тэлж бүхэл бүтэн тосгоны суурьших хэмжээний газрыг эзэмшин байсан юм гэж Хун анд хэлэв. Зөвхөн тахилгын сүмд нь гэхэд зуун гуч гаруй үйлчлэгч шивэгчин бараа бологсод ажиллаж байсан байна. Ки ван хатны тахилгын сүмийн анхны зориулалт нь хатнаас хааны удам залгамжлах хүү гарахгүй удаад байсантай холбогдоно. Ки ван хатан сүмдээ их тахилгууд үйлдэж байсаар хүүтэй болсон гэдэг. Тэр хүү нь эзэнт гүрний хааныг залгамжлахгүй нь ойлгомжтой ч Жэжүдээ дээд язгууртан болох байжээ. Доктор Б.Лхаг¬ваагийн бичсэнээр “Өлзийт хаан Төмөрийн ах Дарамбал Жэжү арал дахь монгол цэргийн захирагчаар ажиллаж байхад нь хамт амьдарч байсан хүү Хайсан нь 1298 онд Солонгос бүсгүйтэй сууж хүү төрөөгүй учир Жэжү аралд таван давхар чулуун суварга босгуулж тэнгэр тахисанд Ки ван Күгээс хүү төрсөн нь хожмын Хүслэн хаан аж. Вонтансэй буюу Юаны тахилгын сүм хэмээх суварга одоо хэр Жэжүд бий гээд Дарамбалын охин Будшир, Тогоонтөмөрийг Корёгаас авчруулж хаан ширээнд суулган 1340 онд Корёгийн Ки ван Жийг хатан болгон авчээ хэмээх солонгос судлаачдын судалгааг ашиглан бичсэн байна. Энд Ки ван Ку, Ки ван Жий гэсэн хоёр Солонгос хатан гарч ирж байна. Жэжүгийнхний яриагаар бол Ки хатан нь Тогоонтөмөр хааны хатан нь гэнэ. Ки ван хатныг Монголын түүхэнд Ци хатан хэмээн тэмдэглэсэн бөгөөд Тогоонтөмөр хааны монгол хатнаас гарсан хүү Аюушридартай үгсэн нууц хуйвалдаан зохиож төрийн эргэлт хийхийг оролдож бүтэлгүйтэж байжээ. Хун анд Тогоонтөмөр хааны Ки ван хатны тахилгын сүмийн туурийг үзүүллээ. Энэхүү түүхт газар нь Хун Жон Бом андын минь эцэг дээдсээс өвлөн ирсэн эзэмшил газар нь аж. Их хэрэм хашааныхаа гадна тал дахь солонгос тайлбарыг “Болор сүм” нэртэй тахилгын сүмийн туурь гэж солонгосоор бичжээ гэж орчуулагч тайлбарлав. Б.Сумьяабаатар ах: -За даа Сүйжин сүм гэж ч хэлж болно шүү гэж нэмж тайлбарлав. Бүхэл бүтэн тосгоныг эзлэн байсан хатны тахилгын сүмээс эдүгээ сүмийн баганын арваад чулуун суурь, ганц хоёр чимэглэлд зориулж байсан хээтэй чулуунууд үлджээ. Дээр өгүүлсэн Юань гүрний үед боссон таван давхар тахилгын зориулалттай чулуун суварга Жэжүд өнөө хэр буй гэж судлаачийн дурдсаныг жаахан үгүйлэн Хун андаас асууя гээд болив. Тийм сүм суварга байвал тэр бидэнд үзүүлэхгүй хэрхэн өнгөрөх билээ. Сэтгэлийг нь зовоохын нэмэр. Сүмийн баганы чулуун сууриудыг жаахан шинжээд орхив. Хархорум хотын туурийн баганын чулуун сууринуудтай адилхан л санагдав. Юанийн үед Солонгост Монгол хятад урчууд олноор ирж очиж байсны тодорхой жишээ энэ байх. Тогоонтөмөр хааны үетэй холбогдох цорын ганц биет дурсгал Жэжүд үлдсэн нь энэ шүү. Үүнээс эхлэн бид Монгол Жэжүгийн түүхийн улбааг тодруулан судлах болно гэж Хун анд хэллээ. Жэжүгийн археологийн судалгаа хуучин чулуун зэвсгийн үеэс эхэлдэг, эртний булш бунхны үлдэгдэл их байсан ч газар тариаланг шимтэж хуучин түүхээ мартагнасан үе цагт тариачид тэр бүгдийг бидэнд үлдээсэнгүй, тэр бүгд ихэнх нь тариалангийн талбай дор орсон шүү гээд Хун анд замын хажууд хашлага болгон эвлүүлэн өрсөн том том чулууны нэгний дэргэд очоод энэ л лав ямар нэгэн сүг зураг, бэлгэдлийн дүртэй түүхийн чулуун бичээс байх, ийм олон дурсгалуудыг бид үгүй болгожээ гэж халаглав. Жэжүгийнхний тариалдаг ногоон цайны амт Солонгосоос хальсан. Ногоон цайгаараа гайхуулна. Ногоон цайны тариалан эх захгүй мэт үргэлжилнэ. Өвлийн хүйтэн нэгдүгээр сарын энэ үед ч ногоон цайны тариалан ногооноороо зуныг санагдуулна. Жилд гурван удаа ургацаа хураан авдаг аж. Анхны цас орсны дөнгөж дараахан хураан авсан цайны амт, ааг салшгүй гэнэ. Халла уулын бэлгэдлийн зурагтай гоёмсог савалгаатай ногоон цайгаа Жэжүгийнхэн эрхэм зочдодоо дээдлэн барина. Эх захгүй юм шиг үргэлжлэх ногоон цайны тариаланг харжээ зогсохнээ бидний өвөг дээдэс энэхүү “бяцхан Хавай”-г эзэгнэн суухдаа энэ нутгийн гайхамшигтай сайхан бүхнийг хөгжүүлэн дэгжүүлээд зогсоогүй Монгол газрынхаа өвс ургамлыг хүртэл авч ирж энд нутагшуулахыг хичээж байсныг бодлоо. Морь малын өвс тэжээлээс авахуулаад Монгол хүмүүс өөрсдөө идэх уухаа хүртэл зөөсөөр байжээ. Халла уул зорих замд замын хажуугаарх өндөр өндөр моддын наагуур эмжээрлэсэн, манайд бишгүй л байдаг зэгсний төрлийн ургамал шаргалтан цайвартах нь сэтгэлд нэг л дотно санагдахад, энэ ургамал чинь юу билээ, танай ургамал уу гэхэд, Хун анд: -Чи өөрийн ургамлаа таньж байна. Бүүр Юань гүрний үед л Монголоос малын тэжээлд зориулан авчирсан монгол гаралтай ургамал гэдэг юм шүү. Оксей гэж бид нэрлэдэг юм. Хавар хамгийн түрүүнд бидэнд баяр баясгалан авчирч цагаан цэцгээ дэлгэдэг юм. Тэр үед үзвэл бүүр ч сайхандаа гэвэй.
No comments:
Post a Comment