Friday, December 4, 2009

Найдвартай автомашины чансааг Lexus тэргүүлэв


АНУ-д худалдаалж буй шинэ автомашинуудаас хамгийн найдвартай нь Lexus болохыг J.D.Power and Associates  компанийн рейтинг харуулав. Японы энэхүү марк ерөнхий дүнгээр 12 дахь удаагаа уг чансааг тэргүүлээд зогсохгүй Is, GS, GX, LS, LX загвар өрсөлдсөн таван номинацид түрүүлжээ.
Чансааг тодорхойлохдоо 2008 оны эцсээс энэ оны эхний хооронд шинэ автомашин худалдан авсан 80000 хүнийг хамруулж, төмөр хүлгийн жолоо мушгисан эхний 90 хоногт нь илэрсэн эвдрэл, доголдол, саатлын тоог тооцжээ.
АНУ-д 100 шинэ автомашин тутамд дунджаар 108 гологдол, гажиг ногдож буйг эндээс тодруулсан байна.
Америк брэндүүдийн хувьд эл үзүүлэлт 100 машинд 112-той, гадаадынхад 100 машинд 106 согог ногдов. Тэгвэл чансааны лидер Lexus маркт дутагдал согог мэдэгдэхүйц бага буюу 100 машин тутамд 84 гарчээ. Найдвартай төмөр хүлгийн жагсаалтын 2,3-т Porsche, Cadillac орсон бол, Ford наймд бичигджээ. Гэхдээ Ford маркийн загварууд гурван ангилалд хамгийн чанартайд тооцогдсон гэнэ.
Toyota дөрвөн ангилалд тэргүүн байр /Lexus-ыг оролцуулахгүйгээр/ эзэлснээс гадна Scion хэмээх “дүү” брэнд нь спортын автомашины ангилалд толгой цохив.

No comments:

Post a Comment